Амар сайдын бөх

1968 оны намар цаг. Булган аймгийн Сайхан сумын нутагт Жаргалантын голд 70 насных нь найр өндөрлөж хүмүүсийн хөл татрах үес өвгөн Дондив үр хүүхэд, ач зэ нартаа өөрийн удам угсаа, барилдаж ноцолдож явсан тухайгаа ийнхүү хуучилжээ. За энэ найр дээр нэлээд хэдэн хүн намайг хэзээ хэрхэн улсын начин болсон тухай асуулаа. Алив Намхай чи эрдэм номтой хүн байна, цаас харандаа аваад миний хэлэх ярих зүйлийг сайн тэмдэглэж ав! Хожим та нарт дурсгалтай байж магадгүй. Манай Угалз, Ороох, Цөнгөрөгийн голд тэрсхэн өссөн долоон хөвгүүдтэй Чавганц нэртэй нэгэн өвгөн байжээ.

Түүний нэг хүү Пүрэв начин гэгч бөх хүн их аваргуудын эцэг Шагдар шонхорын эгч Жамьянгийн Насттай гэр бүл болж хоёр хүү, дөрвөн охин төрүүлсний нэг Лхамужав нь миний эмэг эх юм. Удам овог угсааны хувьд Хонгорынхон гэдэг байсан. Би гахай жилтэй, 1899 онд төрсөн гэдэг. Манайх Хиагтад 11 өртөөний алба залгуулж байхад би Хүй долоон худагт гүү барьж айргаа нийслэл хүрээнд Гандангийн лам нарт аваачиж өгөөд хэд гурван янчаан олдог байлаа.

Манай хошууны засаг ноён Жамбалдорж ван нэг өдөр “За Дондив хүү бяр их биз дээ! Хэр барилдаж байна. Чи хошууныхаа тоот бөхийн тоонд орж уул тайлга, цэргийн наадамд сайн барилдаарай! Гонгор бэйс би нэг бөхтэй болмоор байна гээд байгаа юм. Би чамайг нэр заагаад өгчихсөн. Сайн барилдаарай. Нутаг хошууны нэр битгий хөөдчихөөрэй” гэв. Би “За” л гэлээ. Наадмын урьд өдөр Богдын ногоон ордны тэнд бөх бүртгэж байна.

Авзагын шар Дондол, Баруун гүний улаан Шарав бид гурав нийлж үерхэж явсаар очиж бүртгүүллээ. Сэцэнханыхаас гурван сайн бөх ирсэн гэж дуулдаж байна. Тэднийг олоод харчих санаатай явж байтал гурван сайхан хүдэр эр хайс сандайлаад сууж байна. Энэ хаанахын хэн гэгч бөхчүүд гэв? гэж хүнээс асуувал Сэцэнханы бөхчүүд гэв. Бид ч очиж мэнд мэдэн “Сайн явж ирцгээв үү?” гэтэл “Сайн” гэсхийчихээд бидний мэндийг асуусангүйгээр барахгүй бараг хүн гэж тоосон шинжгүй байх юм. Бид гурав тэднээс төдөлгүй холдон яасан их зантай бөхчүүд вэ? гэх шүү юм ярьцгааж “За гайгүй дээ! Маргааш эд нартай таардаг юм бол долоон хөл зовлого, таван мах бодиороо нэг үзэж тарчихьяа” гэж би дотроо бодлоо.

Энэ гурван бөх нь Сэцэнханы босоо Самдан, Тавхай арслангийн дүү ногоон Жамба начин, Наваанчоймбол нар байсан юм билээ. Маргааш нь наадам эхэлж онь даваанд босоо Самданг манай шар Дондол гүйгээд хаячихлаа. Бүрхэг Дэндэв маань харуулын шар Доньдод уначихлаа. Хоёрын даваанд Дондол маань Дүүрэгч вангийн босоо Шагдарыг бас л гүйгээд хаясан боловч цаадах нь унахдаа татаж авчраад дэрлэчихсэн юм. Маргаан гарч хөлийн цэц дахин барилд гэж байна. Дондол барилдахгүй гэсэн юм.

Харин Жамба начин надтай таарчээ. Нэлээд ноцолдож байгаад суйлаад хөөтөл нөгөөх чинь хөдөлдөггүй. Гэтэл хажуунаас “Нэг хүнтэй хоёр хүн барилдаж байхад чи юу харж байдаг засуул вэ?” гэж эх дагины Галсан начингийн дуу хадаж байна. Харсан чинь Жамбын салтаа хоорондуур цэнхэр чисчүү дээлтэй хүний өвдөг цухуйж байна. Лавлаад харсан чинь учраа бөхийн маань засуул засаж байгаа бөхөө бүсэлхийгээр нь тэврээд хөдөлгөхгүй байсан юм билээ. Миний засуул ирж тавилцуулаад хоёр засуул маань хөлийн цэц рүү уралдан гүйлээ. Тэгээд би давсан болов.

Гурвын даваанд Наваанчоймбол намайг амлажээ. Гараад барилцаад авсан чинь овоо ч биерхүү зузаан хүн юм. Намайг базаад тавьчих юм бодож байгаа бололтой дайрч бярдах янзтай. Баахан дугтралцаж, түлхэлцэж байгаад тогтоогоод авлаа. Ааг омог нь ч жаахан дарагдаад ирлээ. Гэтэл өчигдөр ногоон ордны хайсан дээр сандайлчихаад дуугарч ядаад байсан мөртлөө одоо амлаж аваад бараг базаад хаячих юм шиг омогтой дайрсныг нь бодохоос хор шар хөдлөөд би элэг бүснээс нь гуд татаад элэг рүү нь хүчтэйхэн мөргөөд орхилоо. Миний ингэж мөргөхөд хэр баргийн хүн тэсдэггүйсэн. Хэд хэд мөргөлөө, учраа маань тэсээд байх юм. Үдийн үед эхэлсэн барилдаан нар гудайлгалаа. Бид хоёр ч их ядарлаа. Наваанчоймболын өвчүү, цээж нь хүрэнтээд ирлээ. Би жаахан мартагнуулж байгаад нэг хүчтэй мөргөөд зүүн хөлийг дотроос нь аваад өргөтөл учраа маань залраад өглөө.

Тавын даваанд Батсүх начин гэдэг бөх хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн сэвэлзтэл дэлэн дэвсээр гарч ирэв. Би хөлсөө нэг сайн арчиж аваад айрагнаас элэг рүүгээ шүршүүлээд гарлаа. Батсүх начин ч дайраад ороод ирлээ. Тохой өөд нь алгадаж тогтоочихоод далбааных нь суганаас сэнжигдэх гэтэл миний хуруу юм олж атгаж чадахгүй болчихжээ. Батсүх намайг тойроод зугатаад баригдахгүй юм. Дагаад эргэх гэтэл толгой эргээд нүд бүрэлзэх шиг. Гэтэл нөгөөх маань миний чих рүү дэлсээд авлаа. Толгой эргээд дотор муухайрч байх хооронд араас дайрч хоёр хөлийг минь хумьж авч тавьчихаад явчихлаа. Ингэж би тэр наадамд тав давж начин болох хөг өнгөрсөн юм.

Хамгийн сүүлд болсон энэ отгон уул тайлга наадамд Үйзэн вангийн Бандихүү (Цэдвийн Банди арслан), Эрдэнэдүүрэгч вангийн босоо Шагдар нар үлдэж, Шагдар нь Халхын том наадамд шороотой бөх түрүүлэхгүй гээд Бандихүүд буусан гэдэг юм. Олон өртөө газрыг арваад хоног мориор явж ирээд хоёрын даваанд дэндүү дор уначихаад нэрэлхэхдээ арга буюу булхайцсан ч улсын их баяр наадмаа хүндэтгэн шороотой бөх түрүүллээ гэх таагүй нэр дуулахаас эмээсэн гүндүүгүй сайхан эр байж билээ.
Би Наваанчоймболтой удаан ноцолдож хамаг бие хөндүүрлэн гэдэс дотор эвгүйцээд Гандангийн нэг маарамбаас эм тан залж долоо хоног биеэ сувилаад арайхийж босч ирсэн юм.

1924 оны цэргийн наадмын онь давааны бөхчүүд гурав хоног барилдсан юм. 700 шахам бөхчүүд зодоглосон байх. Би гурав дахь өдрийн үд хэрд гарч барилдлаа. Уг нь бие их ядруу байсан учир барилдахаа больдог ч юм билүү гэж байтал манай энэ голын ногоон Хоролын эцэг мундаг Цэвээн гэгч ахмад бөх “Дондив минь чи Сэцэнханы хоёр сайн бөхийг хаясан юм чинь нэр цэвэр дээрээ болих нь зөв шүү хөө!” гэж тоглоом ч биш, шоглоом ч биш тохуурхан хор хусаад байхаар нь гараад барилдчихлаа. Нэг, хоёрын даваанд хаанахын хэнтэй яаж барилдсанаа мартаж орхиж. Бие ч овоо тавираад, хөлс чийхрээд ирлээ.

Гурвын даваанд Чогдов начин гэх бөхийг тунчиг амархан давлаа. Хувцсаа өмсөж байтал тэр ирээд “Чам шиг жулдрай бандид энэ дэвжээн дээр ингэж ч дээрэлхүүлж яваагүй юм шүү!” хэмээн их л бухимдуу хэлж байна. Барилдааны үед уурлаж бахимдах юу ч болоогүй тул ихэд гайхан бас ч мөчөөгөө өгөлгүй тань зэргийн бөхтэй ямар ч дэвжээн дээр ноцолдоход даваад байдаг юм аа! гэж хэлээд тавьчихлаа. Дөрвийн даваанд том цолтой бөхчүүд ам угтуулаа аваад байх юм. Миний нэр гардаггүй.

Гэтэл гарын даа Богдхан уулын Дондив, Хөвчийн жонон вангийн Түвдэнсамдан нар туналаа гээд босоод явчихав. Өндөр биерхүү сайхан залуу байна. Хоёулаа цолгүй юм. Бие биесээ зовоохгүй хурдан барилдана гэж тохиролцоод гарлаа. Би давчихав. Тавын даваанд том цолтнууд амаа аваад дууслаа. Богдхан уулын Дондив, Шарав нарыг хэн ч авсангүй туналаа гэж байна. За нэг маань цолгүй харих нь. Хурдхан барилдчихъя гэж ярилцлаа. Зүүн гүний гозоолой Шарав заан намайг улаан Шаравтай тунасныг дулаад “Дондив минь би энэ дөрвөн уулын дундах наадмын дэвжээн дээр ямар ч бөхөд дэгээ ороогоод суга өргүүлж байгаагүй юм. Сая наад унаанд чинь яаж ч чадалгүй өргүүлчихлээ. Чи мэдээтэй барилдаарай, ойгүй хүчтэй хүн байна. Чи өрсөж мэхээ хий! Хүлээвэл горьгүй шүү!” гэж байна. Улаан Шарав бид хоёр ч бие биесийн барилдааныг мэднэ, барилцангуут миний далбааг тас татаж орхилоо.

Одоо яадаг шүү юм билээ гээд зогстол манай хошууны хулгар Гонжоон заан далбаагаа бариад гүйж ирлээ. Өмсөөд үзтэл цээж бариад жижигдэж байна. Ийм далбаатай яаж ч барилдхав дээ! Юутай ч гэсэн дайраад үзье! гэж шийдлээ. Дайраад ортол Шарав маань миний нуруун дээр хоёр алгадаад барьц олж чадалгүй залраад өгөв. Би ингэж хөглөж байж улсын начин болсон ухаантай юм.

Улаан Шарав маань 1926 онд шууд заан болсон гэж дуулдсан (…Бяцхан тодруулга: Зүүн гүний гозоолой Шарав ямар ч бөхийг гозойтол дэгээ ороогоод хаядаг мэхтэй байсан тул ийм нэрийг авсан гэдэг. Угтаа Түшээт хан аймгийн Жонон гүн Дашдэмбэрэлийн хошуу тэр үеийн Богдхан уулын аймгийн Сазанбүрэг уулын хошуу одоогийн Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Хишиг-Өндөр, Дашинчилэн сумдын зарим хэсэг орж байв.

Бишрэлт гүний хошууг Баруун гүний, Жонон гүний хошууг Зүүн гүний гэдэг байсан гэх бөгөөд энэ хоёр хөрш хошуунд их Шарав заан, Өлзийн Хүрэлшарав, бага Шарав буюу улаан гэх тодотголтой Жамсрангийн Шарав, гозоолой Шарав, Дамдингийн Шарав зэрэг заан цолтой таван Шарав байсан гэж ахмад бөхчүүд ярьдаг. Мөн Бүрхэг Дэндэв заан: 1912 оны уул тайлга наадамд 26 настайдаа зодоглон зургаа давж, баатар зоригт заан цол хүртэж явсан асар том бие бялдартай энэ бөх 1924 оноос уул тайлга наадмын онь даваанд харуулын шар Доньдод унасан хэрнээ цэргийн баяр наадамд найм давж 38 насандаа улсын заан цолоо дахин баталж байсан бололтой…)

Түрүүлж, үзүүрлэсэн хийгээд шөвгөрсөн бөхчүүд сайд дарга нартай хамт зургаа татуулсан юм. Тэр зураг одоо байдаг л байх. Луу гүний Вандан, Эрдэнэдүүрэгч вангийн босоо Шагдар, Сэцэнханы босоо Самдан, манай хошууны бүрхэг Дэндэв, Лувсанбалдан, Хэхрэнгийн Цэвээн-Очир, Арвайхээрийн Пансан начин гэх зэрэг бөхчүүд байсан санагдана. Амар гуай ч их баярлаж байгаа бололтой. Сайд ч арай болоогүй гадаад яам ч билүү нэг их яамны түшмэл байсан байх (…Бяцхан тодруулга: идэр залуу насандаа Гонгор бэйс нэртэй байгаад хожим Амар сайд буюу Агданбуугийн Амар гэх болжээ…) зургаагийн даваанд Цэвээн-Очир намайг амлаж авчээ.

За би ч начин болчихлоо. Бие ч тааруу байна. Цэвээн-Очир давбал даваг гэтэл хулгар Гонжоон надад хандаж “Тэгж болохгүй. Цаад нахиу чинь босоо Самданд тавын даваанд Дондивыг авчих гээд байсан. Цаадах нь би танай Дондивоос айгаагүй, гэвч хүн зовоож мэдэхээр хүн байна билээ гээд авалгүй Шарав та хоёр тунасан юм. Муу золиг долгинож байгаа нь тэр” гэв. Цэвээн-Очир гар дунгуй хийх аядсанаа ухарч зугатаагаад баригдахгүй юм. Цэвээн-Очир заан бол хуучны хашир толгой л доо.

Би начин цолондоо ханасан уу? удаан ноцолдохоосоо бэрхшээн надаас дутуу юм чинь алийн болгон хүлээх вэ гээд гар дунгуйг нь сөрж дайраад сөхөрчихлөө. Энэ наадамд Лувсанбалдан долоо, бүрхэг Дэндэв найм давж, үзүүр түрүүнд хоёр босоо үлдсэн юм. Уул тайлга наадамд түрүүлсэн Бандихүү тавын даваанд нэг нутгийн бөх Тарагтын Пансанг амлаж аваад буусан юм. Пансанг их баян хүн гэж хүмүүс ярьж байсан.

Үүнээс хойш нутаг холдоод, бас хүүхдүүдээ өсгөж өндийлгөх гэж хэдэн малтай хөөцөлдөж зав зай гарахгүй байсаар улсын их баяр наадамд дахин зодоглож амжилгүй өвгөрлөө. Миний начин болсон паян ийм юм. Харин манай удам угсаанд хоёр их аваргаас гадна миний өвөг Пүрэв начин, түүний дүү Чойдогийн Дэчинбалжир гэж их сайн бөхчүүд байсан. Мөн Жадамбын Түдэвийг та нар сайн мэднэ дээ! Манай нэгдлийн анхны жолооч байсан хүн. Тэр цэргийн алба хааж байхдаа начин болсон гэдэг юм.

За тэгээд энэ улаан гуталт Жанчивдорж, Норов гээд заан начингууд байна. Бас Пүрэв начин өвөөгийн минь дүү Дамдин гэж их бяр тэнхээтэй залуу барилдаж байж гараа гэмтээгээд түүндээ гутран говь нутаг руу яваад эргэж ирээгүй гэдэг. Та нар ч нэг их барилдаж ноцолдохгүй юм. Харин энэ Нансал маань нэг юм дуулгаж мэдэх хүн байгаа юм. Гагцхүү өөрийн нь авхаалж самбаа, ухаан мэднэ дээ!
Үүнийг утга санааг нь алдагдуулалгүй бага зэрэг засамжлан найруулж, зарим зүйлийг тодотгон сийрүүлж бичив.


Эх сурвалж: Б.Хишигбат